239.Хүртэхүй гэдэг нь шийдвэр гаргахад голлох үүрэг гүйцэтгэж байдаг, ухамсарлагдсан, хэл яриа, ухагдахуунаар хэлбэржиж утга агуулга нь тодорхой болдог, юмс үзэгдлийг бүхэлд нь, цогц байдлаар тусгадаг танин мэдэхүйн үйл явц юм.Юмс үзэгдэл бидний мэдрэх эрхтэнд шууд нөлөөлөх үед субъектийн зүгээс тэр чиглэлд ямар ч идэвх чармайлт гараагүй байхад сэрлийн хэлбэрээр субъектив дүр төсөөлөл үүсдэг. Хүртхүй сэрлээс ялгаатай нь юмс үзэгдлийн шинж чанарыг бүхэлд нь, цогцоор нь тусгаж байдаг. Хүртэхүй харьцангуй энгийн юмс үзэгдлийг тусгаж байсан ч, зэрэглээ мэт баримжааллын тусгасан ч эцсийн дүнд тэр бүхнийг хэл яриагаар дамжуулан цогцоор нь хүлээн авдаг онцлогтой. Сэрэл хүмүүстэй өөрсөдтэй нь холбоотой үүсдэг бол хүртэхүй хүртэхүйд тусч байгаа юмс үзэгдлийн дүр дүрслэл орон зайд байршсан байдаг гэдгээрээ онцлог. Энэхүү үйл явц хүртэхүйг сэрлээс ялгах бөгөөд түүнийг бодитой тусгах чанар хэмээн нэрлэнэ.
240.Хэл. хүний үйл ажиллагааны явцад танин мэдэхүйн болоод харилцах үүрэг гүйцэтгэж буй аливаа биет уг чанарын тэмдгийн тогтолцоо. Хэл төрөлхийн ба зохиомол хоёр янз байна. Төрөлхийн хэл бол хүмүүсийн өдөр тутмын харилцааны хэрэглүүр, бодол санаагаа илэрхийлэх хэлбэрээр үйлчилж буй хэл юм. Зохиомол хэлийг хүмүүсийн ямар нэгэн явцуу хэрэгцээний улмаас бий болгоно(математикийн бэлгэ тэмдгийн хэл, физик онолын хэл гэх мэт). Хэл бол нийгмийн үзэгдэл мөн. Хэл бол нийгмийн үйлдвэрлэл хөгжих явцад үүссэн, түүний салшгүй тал буюу тодорхой хүн, хүмүүсийн үйл ажиллагааг зохицуулах хэрэглүүр юм. Хэл бол сэтгэхүйн илрэх, оршин байх хэлбэр болохын хамт ухамсар бүрэлдэн төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэнэ.
241.Холерик темперамент - Шаралхуу, түргэн ууртай, гөжүүд. Тэнцвэргүй, хөөрөл давамгайлсан хүчтэй дээд мэдрэлийн үйл ажиллагааны шинжтэй. Үйлдэл нь хурц, огцом, тэсвэр тэвчээр сайн, түргэн авхаалжтай, шударга, сэтгэлийн хөдөлгөөнтэй, темп сайн, эрч хүчээ дайчлан хийдэг, дайчин, тууштай. Тогтворгүй, байнгын хөдөлгөөнтэй, гар хуруугаараа ямар нэг юмыг үргэлж оролдож байдаг. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, хөөрөмтгий, соргог сэтгэл мэдрэмжээрээ ялгардаг. Сангвиникүүд төвөггүйгээр сэтгэлийн тогтвортой байдалд ордог бол холерикт тэр огт үгүй. Тэр төвөгтэй үйл ажиллагаанд тайвширал олдог. Холерик темпераментийн илрэл нь бие хүний чиг хандлагаас ихээхэн хамаарна. Нийгмийн сонирхолтой хүмүүст тэр нь санаачлагатай, зарчимч, эрч хүчтэй байдалд илэрдэг. Оюуны амьдарлын баялаггүй тохиолдолд холерик темперамент голдуу сөрөг байдлаар илэрдэг. Эв дүй олохдоо муу, харилцаанд нөхцөл байдалд амархан зохицдоггүй, зөрүүд, өөрийнхөөрөө, эв хавгүй, дээрэлхүү, түрэмгий, зальтай зэрэг сул талтай.
242.Харилцаа нь бүх үзэгдлийн харилцаа холбоот байдлын үе юм. Юмсын харилцаа нь объектив бөгөөд юмс нь харилцааны гадна байж болохгүй. Энэ харилцаа нь хэзээ ямагт юмсын харилцаа байх юм. Аливаа зүйлийн оршин байх, түүний тусгай онцлог ба шинж, түүний хөгжил нь объектив ертөнцийн бусад юмасд харьцах түүний түгээмэл харилцааны бүхий л цогцоос хамаарч байдаг. Ямарваа үйл явц, юмст зайлшгүй байх чухамхүү шинж нь гагцхүү өөр үйл явц, юмстай харилцах харилцаанд нь илрэн гардаг. Үзэгдлийн хөгжил нь түүнээс өөр үзэгдэлтэй харилцах харилцааг өөрчлөхөд хүргэж улмаар нэг харилцаа нь алга болж, нөгөө харилцаа нь үүсэн бий болдог юм.
243.Хэрэгцээ гэдэг нь бие хүн ямар нэгэн зүйлээр гачигдах явдал юм. Амьтдын харьцангуй тогтвортой, хязгаарлагдмал, голчлон биологийн шинжтэй гачигдлаас хүний хэрэгцээний ялгаатай тал нь: хүн төрөлхтний нийгэм өөрийн гишүүдэд урьд үеийнхэнд нь байгаагүй шинэ шинэ хэрэгцээг улам бүр бий болгож, түүний амьдарлын туршид цаг ямагт өөрчлөгдөж, олширсоор байдагт оршино. Хэрэгцээний энэхүү байнгын шинэчлэлд: хэрэглээний улам бүр шинэ шинэ юмс хийж бүтээснээр хүмүүсийн амьдралд шинэ хэрэгцээг үүсгэдэг нийгмийн үйлдвэрлэл багагүй үүрэг гүйцэтгэдэг. Давтан үүсэх хэрэгцээ нь түүний эх үүсвэрт байсан гачигдал дахин сэргэх үед гарна. Хэрэгцээний тодорхой агуулга хүмүүсийн эзэмших гэж эрмэлзсэн юмс, эсвэл хүнд хамажтай сэтгэлийг төрүүлэх ёстой ямар нэгэн зүйлтэй гол төлөв холбоотой байдаг. Хэрэгцээг материаллаг(хувцас, хоол, дулаан байр гэх мэт), оюунлаг(нийгэмтэй холбоотой үйл ажиллагаа, хөдөлмөр, мэдлэг олж авах, урлагийн бүтээл гэх мэт), нийгмийн хэрэгцээ хэмээн хувааж болдог.
244.Характер буюу зан төлөв нь хүний хүрээлэн буй орчин, хөдөлмөр, бусад хүмүүс, өөртөө хандах хандах хандалгийг илэрхийлэх, зан үйлийн чигийг тодорхойлох, бие хүний сэтгэцийн шинж юм. Зан төлөв нь бусад хүмүүстэй харилцан үйлдэх хувийн болон нийгмийн төрх байдлын өвөрмөц онцолгоор нөхцөлддөг, бие хүний харьцангуй тогтвортой ба байнгад илрэх шинж болон чанаруудын цогц нэгдэл болно. Хүний зан төлвийг мэднэ гэдэг нь хүний үйл хэрэгт тодорхой логиктой, дотоод дараалалтайгаар илэрдэг түүний гол чухал зан төрхийг мэднэ гэсэн үг юм. Зан төлөв хэдийгээр янз бүрийн төрх шинжээс бүрддэг ч тэр нь тэдгээрийн механик нийлбэр биш. Ерөнхий сэтгэл судлалд болон хэв шинжийн талаас мөн түүнчлэн хувийн онцлог талаас нь авч үзэж болох зан төлөвт ордог янз бүрийн төрх өөр хоорондоо холбоотой ба бүхэллэг бүтцийг бий болгодог. Бүх хүмүүст нийтлэг байдаг хоорондоо холбоо хамаарал бүхий тийм гол бүрэлдэхүүн хэсгүүд зан төлвийн бүтцэд ордог.
245.Ховс нь сэрүүн болон нойрсох аль аль үеийн хооронд байх онцгой байдал юм. Ятгалгын үндсэн дээр ховсыг хэрэглэдэг бөгөөд энэ нь сэтгэц заслын нэг арга билээ. Өнөө үед судлаачид ховсыг дөрвөн үе шаттай нөлөөлдөг гэж үздэг. Эхнийх нь ховсдуулагчид тав тухтай байдлыг үүсгэх. Дараа нь анхаарлыг нь төвлөрүүлэх ямар нэг өвөрмөц зүйл үзүүлэх. Мөн дараа нь ховсоос юуг хүлээж байгааг тодорхойлох. Эцэст нь ятгаж эхэлдэг байна. Ховсыг бүх төрлийн хийрхэл өвчинд(мэдрэлийн, хөдөлгөөний, зан үйлийн г.м.) хэрэглэдэг. Ховсын заслын бас нэгэн чухал төрөл бол аутотренинг буюу өөрөө өөрийгөө ховсын байдалд оруулахуй юм. Энэ аргад суралцсанаар хүн бие махбодийнхоо эд эс бүхнийг мэдэрч бие эрхтнээ аливаа эм хэрэглэхгүйгээр бүрэн хянаж чаддаг болно. Ховсын байдалд орохоосоо эрс татгалзаж буй хүнд ховсын аргыг хэрэглэж болохгүй. Ховсыг хувь хүний хүслийн эсрэг явуулж болохгүй. Учир нь ховс гэдэг нь ховсдогч, ховсдуулагч хоёр этгээдийн хамтын ажиллагаа юм. Үүнээс гадна, өөрийн тогтсон хандлага, үзэл баримтлал, ёс суртахуунаас хэвийсэн ятгалгыг ховсдуулагч хэзээ ч сайн дураараа хүлээж авдаггүй. Харин өвчнөө мэдрэхээ болих, хүч чадал гэнэт нэмэгдэх, гайхалтай ой тогтоолттой болох зэрэг тоймшгүй олон чадваруудаа ховсын тусламжтайгаар илрүүлэх нь хэвийн үзэгдэл гэж ойлгож болно. Ховсоор илэрсэн чадвар чадамжууд нь тухайн хүний үл ухамсарлахуйд хадгалагдсан хэвээр байсны дээр өөрт нь урд өмнө нь хэрэг болж байгаагүйгээс үүдэн тархины хаа нэгтээ “түгжигдсэн” байдаг.
246.Хөөрөл, хилэгнэл. Емовер гэдэг латин гаралтай томъёолол нь аятай, аягүй аль ч тохиолдолд хэрэглэгддэг. Хөөрөл, хилэгнэл нь урт удаан, алгуур аажим, огцом дүрс хийсэн гэх зэрэг хугацаа хийгээд илрэх чанараараа янз бүр байдаг юм. Хөөрөл, хилэгнэл нь даралт ихсэх, дотоод шүүрлийн булчирхай, адернамин өөрчлөгдөх, өнгө царай хөхрөх, чинэрэх, цайх, ой тогтоол муудах, ухаан алдах, зүрх дэлсэх, багтрах, булчин шөрмөс татах, уйлах орилох, чичрэх, дуу хоолойны өнгө өөрчлөгдөх юмуу бүр дуу гарахаа болих хүртэл хоолойны булчин агших зэрэг биед төдийлөн зохимжгүй, үр дагаврыг агуулдаг. Олон эрдэмтдийн судалгаанаас үзэхэд хөөрөл, хилэгнэлийн төв нь гипоталамуст байдаг ажээ. Бодгалийн хөөрөл, хилэгнэл нь ихэнхи тохиолдолд цочроолын нөлөөлөлтэй харьцангуй тэнцүү байдаг бөгөөд мөн чанараараа сэтгэл түгшиж буйн илэрхийлэл болдог. Түгшүүрийн дээд түвшин нь гуниглахуй мөн.
247.Хорших арга барил. Энэ аргыг зөвлөлтийн сэтгэлзүйн зарим номд ардчилсан арга гэж нэрлэжээ. Өрнөдийн судлаачид хорших загвар гэсэн нь бий. Учир холбогдол нь аливаа шийдвэр гаргахад дарга, хамтран зүтгэгчдийн хоорондын харилцан идэвхитэй үйл ажиллагаа чухал гэдэгт л байгаа юм. Шийдвэрийг бүлгийн нийт гишүүдийн хурлаар батлана. Энэ загварын хэцүү тал нь шийдвэрийг боловсруулахад олон эх булгаас ирсэн олон хүний мэдээллийг харгалзах, олон санаа бодлыг уралдуулахад оршино. Энэ загвар нь аливаа шийдвэрийг гаргахад олонхи нь ярьж шийдсэн байдаг тул харьцангуй шудрага, хүмүүсийн санаа бодолд ойрхон, нөхцөл байдлыг тусгасан зэрэг сайн талтай юм.
248.Хэрцгий авир. Элдэв бухимдал, тачъяадалын нөхцөлд хүн янз бүрийн ааш зан гаргана. Энэ ааш авир нь хэрцгий, харгис шинжтэй, эсвэл хүлээзнэсэн ая зантай гэх мэт байдаг нь мөнхүү хүний язгуур чанар болой. Бухимдал, тачъяадал нь хэрцгий гэх зэрэг ямар ч шинжээр гадагшаа илэрлээ ч гэсэн тэр нь тухайн хүний сэтгэл санаа, бие махбодийн нэгэн зүйл <амралт>, намжилт, тавирал болдог. Гагцхүү үүнийгээ байдалд зохистой илэрхийлэх ёстой. Заримдаа удирдах хүмүүс захирагдагчиддаа уурлаж, эвгүй аашлах нь байдаг. Энэ нь тухайн бүлгийн өмнө тавьсан зорилтыг биелүүлэхэд ашигтай. Уур уцаар, бухимдал тачъяадалынхаа эзэн, шалтгаан хоёрыг зөв тогтоогоогүй хэрцгий авирлавал тэр нь сөрөг чиглэлтэй болж ирнэ.